“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой газар тариалан” олон улсын зөвлөгөөн

ХХААХҮЯ, ХААИС-тай Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс хамтран 2019 оны 12-р сарын 3-4-нд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой газар тариалан” олон улсын зөвлөгөөнийг Улаанбаатар хотнооамжилттай зохион байгууллаа. Уур амьсгалын дулааралт Монголд нэн эрчимтэй илэрч байна. 1940-2018 оны хооронд Монгол орны хэмжээгээр жилийн агаарын дундаж температур 2.4°-аар нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 3 дахин эрчимтэй байна. Харин энэ хугацаанд жилийн нийлбэр хур тунадас 6% орчмоор буурчээ. Дулааралтын улмаас газар тариалангийн төв бүсэд гадаргын ууршиц 10 жилд 24 мм-ийн хурдтай нэмэгдэж байхад, дулаан улирлын хур тунадасны

нийлбэр 9мм/10жил-ийн хурдтай буурч байгаа нь гандалт хуурайшлын үндсэн шалтгаан болно. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган, үер бороо, нөөлөг салхи, хэт халалтнэмэгдэх, хөрсний чийгийн тэнцэл алдагдах, улмаар усны нөөц хомсдох, таримлын ургацын хэлбэлзэл ихсэх, ургамлын хортон шавьжийн дэгдэлт болох зэрэг газар тариалангийн салбарт маш таагүй нөлөө, үр дагавар учруулж байна. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хэрэгжилтийн Үндэсний гуравдугаар тайлан илтгэлд дурдсанаар, Монгол улсад улаанбуудайн дундаж ургац 2050 он хүртэл 18%-иар, 2080 он хүртэл 37%-иар буурах төлөвтэй байна.

Иймд газар тариалангийн салбарыг цаашид тогтвортой хөгжүүлэх, улс орны хүнсний аюулгүй байдлыг баталгаатай хангахын тулд Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд дасан зохицсон газар тариалангийн хөгжлийн загвар, хувилбарыг бий болгож хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Энэхүү олон улсын зөвлөгөөний гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлтөөс газар тариаланд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох бодлого, эрдэм шинжилгээ, технологийн өнөөгийн ололт амжилтыг дүгнэх, цаашдын зорилт, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, дасан зохицох чиглэлээр бүс нутаг, олон улсын төвшинд хэрэгжүүлж буй шинэлэг технологи, санал санаачлагуудаас Монголд нутагшуулахад чиглэсэн болно.

Уг зөвлөгөөнд ХХААХҮЯ, БОАЖЯ-ны Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургууль, Ургамал газар тариалангийн хүрээлэн, “Уур амьсгалын өөрчлөлт-хөгжлийн академи” ТББ, “Бүтлийн Ундарга” ХХК, ХБНГУ-ын Ханноверийн их сургууль, Шилжилтийн эдийн засагтай орнуудын хөдөө аж ахуйн хөгжлийн хүрээлэн, Бодлогын судалгааны тинк танк Эйч Эф Эф А Рисёрч ХХК, ХАА-н техник үйлдвэрлэгч “Амазон” компани зэрэг байгууллагуудын судлаач, мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүллээ. Герман судлаачид Монгол улстай уур амьсгалын хувь төстэй “Сибирийн баруун өмнөд бүс болон Казакстаны хуурай тал нутагт тогтвортой газар тариалан хөгжүүлэх инновацийн судалгааны төсөл”,

Киргизстан, Узбекистан улсуудад хэрэгжүүлж буй “Тариалангийн даатгалын тусламжтайгаар уур амьсгалын эрсдэл даван туулах чадварыг нэмэгдүүлэх” төслүүдийн үр дүнг танилцуулж, туршлагаа хуваалцлаа. Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл Монгол улсад зусах буудай, төмсний ургац 2050 он хүртэл хэрхэн өөрчлөгдөх загварыг танилцуулсан. Зөвлөгөөнд салбарын яам, харъяа агентлагууд, орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуй газрууд, мэргэжлийн ба эрдэм шинжилгээний байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрүүд, тариаланчдын төлөөлөл бүхийнийт 120 гаруй хүн оролцсон болно.

Go back