Төслийн 4 үе шатны төлөвлөлтийн семинар амжилттай зохион байгуулагдлаа

Төслийн дараагийн үе шатны (2022 - 2024) төлөвлөлтийн семинарыг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр танхимын ба цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд төсөл хэрэгжүүлэх баг, Монголын талаас ХХААХҮЯ, түнш байгууллагууд болох ХААИС, УГТХ, ХХААХҮСХТ, МТҮХ, МХЕГ, Дархан-Уул, Дорнод, Хэнтий аймгийн ХХААГ-ын төлөөлөл, аймгийн агрономчид, Германы талаас төсөл хэрэгжүүлэгч GFA Consuting Group ХХК-ийг төлөөлж др. Улрикэ Мюллер, IAK Agrar Consulting ХХК-иас Г.Ганцэцэг нар оролцов. Семинарын чиглүүлэгчээр олон улсын мэргэжилтэн Арно Бёргер ажиллаа.

Монголын талаас оролцогчдыг төлөөлөн ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Б.Одонхүү үг хэлж, арга хэмжээг нээв. Тэрээр хэлсэн үгэндээ ХХААХҮЯ-наас төсөлтэй үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн болохыг дүгнэж, цаашид хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх, ХАА-н зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, уур амьсгалд дасан зохицсон газар тариаланг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэх хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг дурдсан. Мөн төслийн удирдагч др. Альфред Катер төслийн 4-р үе шатны зорилго, бүтэц, үндсэн сэдвүүд, төслөөс гарах үр дүнгийн талаар танилцуулж, тус семинарыг эхлүүлсэн.

Семинарыг оролцооны аргаар зохион байгууллаа. Оролцогчид төслийн цаашдын үйл ажиллагаанд өгөх санал, зөвлөмжөө багийн ажлын хэлбэрээр бэлтгэсэн бөгөөд баг тус бүрийн ажлын үр дүнг нийт оролцогчдоор хэлэлцүүлж, нэгтгэлээ. Төлөвлөлтийн семинараас өмнө түнш байгууллагуудаас ирүүлсэн саналуудыг ч үүнд тусгасан. Эцэст нь саналуудыг эрэлт хэрэгцээ, ач холбогдлоор нь эрэмбэллээ. Оролцогчид тус арга хэмжээнд өндөр идэвхтэй оролцож, ажил хэрэгч, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж чадсан нь “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөлтэй дараагийн гурван жилд үргэлжлүүлэн хамтран ажиллах өндөр сонирхолтой буйн илрэл гэж үзэж байна. Төслийн зүгээс шинэ үе шатандаа өмнөх хоёр, гуравдугаар үе шатныхаа үр дүнг бататгаж, баяжуулж, үүнд хамтын ажиллагаа, хэрэгцээнд суурилсан арга барилыг баримталж ажиллана.

Go back