Энэ сэдвээр үйл ажиллагаа

Хөдөө аж ахуйн зохистой дадал

Монгол оронд улаанбуудай тариалсан талбайдаа дараа жил нь уринш хийх гэсэн хоёр талбайт ээлжлэн тариалалтыг өргөн ашигладаг билээ. Ингэж нэг жил уринш хийж хөрсөө амрааж, хөрсөн дэх эрдэст бодисын хэмжээг нэмэгдүүлэх зорилготой байдаг боловч уринш хийсэн талбайд хог ургамалтай тэмцэх зорилгоор механик аргаар боловсруулалт хийдэг. Энэ нь эргээд органик массын хэмжээг багасгаж, хөрсний үржил шимийг удаандаа доройтууллаг байна. Тариалангийн аж ахуйн нэгжүүд ихэвчлэн ОХУ, Украин, Беларус зэрэг улсуудад үйлдвэрлэсэн техник, тоног төхөөрөмж ашигладаг бөгөөд хөрс боловсруулах цомхотгосон технологи төдийлэн их дэлгэрээгүй байна. Ийнхүү тогтвортой тариалалтын технологийг мөрдөхгүй байгаатай холбоотойгоор сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хөрсөн дэх ялзмагийн хэмжээ даруй 15-40 % -иар буурчээ. Нийт тариалангийн талбайн 70 орчим хувьд нь ялмагийн хэмжээ < 2,5 %-аас бага байна.

Тогтвортой хөрс ашиглалт, хамгаалалт сэдвээр төсөл нь өнгөрсөн хугацаанд олон арван сургалтууд зохион байгуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн бөгөөд төслийн гуравдугаар үе шатанд дээрх сэдвийн хамрах хүрээг өргөсгөн ургамал хамгааллын зохистой дадал, хөдөө аж ахуйн зохистой дадал сэдвүүдийг үйл ажиллагааныхаа үндсэн нэг чиглэл болгоод байна. Тухайлбал, ургамал хамгааллын бодистой ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, пестицид хадгалах тээвэрлэх үеийн аюулгүй ажиллагааны горимыг мөрдөөгүйн улмааc хүрээлэн буй орчин, хүн, мал амьтанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй улмаар хүнсний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулах өндөр магадлалтай байдаг билээ. Иймд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид нь хөдөө аж ахуйн зохистой дадлыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, мөрдөх зайлшгүй шаардлагатай байна. Хөдөө аж ахуйн зохистой дадал нь дан ганц ургамал хамгааллын асуудал биш, тариалангийн үйлдвэрлэлийн бүхий л үе шатыг хамарсан өргөн цар хүрээтэй, цогц ойлголт бөгөөд дараахь асуудлыг ихэвчлэн хөнддөг байна, үүнд:

  • Тариалалтын технологи, таримлын төрөл зүйл, сэлгээг тухайн нутаг орны онцлог, нөхцөл байдалд тохиромжтой байдлаар зөв сонгох, энэ нь эдийн засгийн хувьд хэрэгжүүлж болохуйц эсэх?
  • Тухайн нутаг орны онцлог, нөхцөл байдалд тохирсон ургамал хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, химийн гаралтай УХБ-ын хэрэглээг аль болох хязгаарлах замаар өвчин, хортонтой хэрхэн тэмцэх?
  • Хөрс боловсруулах технологийг зөв сонгох, хөрсийг элэгдлээс  хэрхэн хамгаалах, бүтцийг хэрхэн сайжруулах, үржил шимийг ямар аргаар нэмэгдүүлэх?
  • Таримал ургамалд шаардлагатай шим тэжээлийн бодисын хэрэгцээг хэрхэн тодорхойлох,  бордоог хэрхэн үр дүнтэй ашиглаж, ургамалыг шим тэжээлт бодисоор хангах?